Хэвлэлийн мэдээ
Хөгжмийн салбарт Мюнхен болон Улаанбаатар хот нягт хамтран ажиллана

Мартин Зенкер оюутнуудын хамтаар тайзнаа
Мартин Зенкер оюутнуудын хамтаар тайзнаа | © Базарсүхийн Рэнцэндорж

​Монгол Улсын Консерватори болон Мюнхен хотын Хөгжим Театрын Урлагийн Дээд Сургууль хоорондын хамтын ажиллагаа ГЭСА-ны дэмжлэгтэйгээр өргөжиж байна.

Монгол Улсын Консерватори (МУК) болон Мюнхен хотын Хөгжим Театрын Урлагийн Дээд Сургууль (МХТУДС) 2020/2021 оны хичээлийн жилээс түнш сургуулийн хамтын ажиллагаагаа улам өргөн хүрээнд тогтвортой хөгжүүлэхээр боллоо. Өнгөрсөн таван жилийн хугацаанд Гёте-Институтийн бодит дэмжлэгээр бий болсон энэхүү солилцоо нь Германы Эрдмийн Солилцооны Алба (ГЭСА)-ны санхүүжилтээр ирэх хичээлийн хоёр жилд амжилттайгаар өргөжих боломжтой болов. Энэ талаар МХТУДС-ийн ерөнхийлөгч Проф. Др. Бернд Редманн, МУК-ийн захирал Проф. Ц. Пүрэвхүү болон Монгол дахь Гёте-Институтийн захирал Др. Рюдигер Больц нар 2020 оны 5-р сарын 14-ний өдөр хамтран зохион байгуулсан цахим хэвлэлийн бага хурлынхаа үеэр ийнхүү мэдэгдлээ.
 
Проф. Др. Бернд Редманн: “МУК-тай хэрэгжүүлж бидний хамтын ажиллагаа ГЭСА-ны дэмжлэгтэйгээр тогтвортой хөгжих болсонд бид туйлын их баяртай байна. Хоёр сургуулийн багш оюутнууд үүнд тун нээлттэй хандаж, хүсэл сонирхлоор дүүрэн байгаа нь бидэнд илэрхий байна. Энэ бол урам зоригийг бадраах яндашгүй их ундарга юм.”
 
МУК-ийн захирал Проф. Ц. Пүрэвхүү: “Өнгөрсөн таван жилийн хугацаанд энэхүү харилцан солилцоо манай оюутнууд болон багш нарт ямар чухал ач холбогдолтой байсныг бид харсан билээ. Энэ нь зөвхөн хоёр сургуулийн хоорондох хамтын ажиллагаа бус харин хоёр соёлын солилцоо юм.”
 
Монгол дахь Гёте-Институтийн захирал  Др. Рюдигер Больц: “Монгол дахь Гёте-Институт 2014 онд “Улаанбаатар дахь Гёте хөгжмийн танхим” төсөл хэрэгжиж эхлэхээс өнөөг хүртэл МУК-т дэмжлэг үзүүлж, жазз хөгжмийн сургалт бий болоход хичээнгүйлэн дэмжиж ажилласан. Энэ цаг үеэс хойш олон улсад эрдмийг түгээх соёлын нэгэн гэрэлт цамхаг сүндэрлэн бий болсон. Багш, оюутнуудын харилцан солилцоо өргөжиж буй явдал нь тун цагаа олсон ирээдүйн дохио болж байна.
 
2020/2021 оны хичээлийн жилээс эхлэн нэг хичээлийн жилд МХТУДС-ийн гурван оюутан Улаанбаатар хотод хүрэлцэн ирж зуны семестрт суралцана. Харин Монголын талаас нэг хичээлийн жилд МУК-ийн гурван оюутан Мюнхен хотод бүтэн нэг жил суралцах юм. Үүний зэрэгцээ нийт 12 багш солилцоонд хамрагдана. Тус хамтын ажиллагааг эхнээс нь гардан хэрэгжүүлсэн контрабасс хөгжимчин, багш Мартин Зенкер энэхүү харилцан солилцоог удирдан зохион байгуулах болно.