Б.Жигжидсүрэн: Натрийн сульфатын 5%-ийн уусмал

2012 оны 11 сард Гёте-Институтийн шугамаар Герман улсад очих надад завшаан тохиосон юм. Тэнд би хэлний курст сураад зогсохгүй хуучны ном судар сэргээн засварлагч Фиола Байэр болон Дирк Ферлманн нарын урланд хэдэн долоо хоног дадлага хийх боломж олдсон билээ.

Энэ хугацаанд би нэгэн герман айлд амьдарч байсан бөгөөд энэ нь ч надад герман хүмүүсийн амьдралын хэв маяг, өдөр тутмын амьдралтай танилцах боломжийг олгосон юм. Тэд ч надад герман хоол унд хийж өгөх, хотоор хамт явах гэх зэргээр ихээхэн санаа тавьдаг байлаа.

Тэнд байх зорилго маань ч үнэндээ энэ байсан юм. Эх орондоо буцаж ирээд “Хуучны ном судрын хадгалалт, сэргээн засварлалт” сэдэвт сургалт семинарт хамрагдсанаар Германд очиж өөрийн сурсан мэдсэнээ гүнзгийрүүлж илүү ихийг суръя гэж бодож билээ. Сургалт семинарыг удирдан явуулсан хоёр герман маань ч намайг өөрсдийн урланд ирэхийг урьсан юм.

Урлангийн ажилчид намайг маш элэгсэгээр хүлээн авлаа. Тэнд байх хугацаандаа миний бие хуучны ном судрыг хэрхэн аюулгүй хадгалан хамгаалах талаар сурсан бөгөөд эс тэгвэл гэмтсэн ном судрыг сэргээн засварлах хэр их хүнд, ямар их зардалтай ажил болохыг мэдэж авсан юм. Дирк, Виола хоёрын хамтаар би Гандан дахь үнэлж баршгүй ном судруудыг хадгалан хамгаалахад тус хийдэд ямар арга хэмжээ авах талаар жагсаалт гаргаж авлаа.

Натрийн сульфатын 5%-ийн уусмалаар цэвэрлэх, цайруулах, хатаах, дахин давтах. Кёльн хотод өнгөрүүлсэн ажлын өдрүүд маань хэдийгээр амаргүй байсан ч би ихийг сурч авсан юм. Надад энэхүү ховорхон боломж олгосон Гёте-Институт болон намайг хүлээн авч найрсагаар тусалж дэмжиж, ихийг сургасан Кёльн хот дахь нөхөддөө гүнээ талархаж байна.