Марайке Гюньшэ: Сэргээн засварлалт, мөөгөнцөр, хөгц гээд л ...

“Энэ номнуудыг өнөөдрийг хүртэл хадгалан хамгаалах гэж олон хүн амь насаа зориулсан даа.” 

Нэгэн хуучин судрын хуудсыг эргүүлэн тоосыг нь арчингаа төслийн нэгэн ажилтан санаа алдан дээрхи үгийг хэлж билээ.

2011 оноос хойш миний бие хуучны ном судар сэргээн засварлах төсөлд зурагчинаар оролцох болсон юм. Энэ нь миний хувьд олон сонирхолтой түүхтэй танилцах завшаантай төдийгүй олон сайхан түүхэн зураг бүхий маш сонирхолтой төсөл байлаа.

Бүхий л зүрх сэтгэлээ хийж байгаа зүйлдээ шингээн ажилладаг хүмүүст би дуртай. Цаас мөн номонд би дуртай.

Номнууд хүний хэлээр ярьж өөрсдийн түүхийг хүүрнээсэй гэж би заримдаа мөрөөддөг. Тэд ямар хүмүүстэй уулзаж, буддын шашин хаалттай байсан энэ урт удаан он жилүүдэд хаана нуугдаж мөн хэн тэднийг эргэн олсон тухай яриасай гэж.

Мөн энэхүү олон судрыг өлгийдсөн баринтагнууд ч мөн олон түүх ярих байсан биз. Эдгээр баринтагнуудыг хийсэн торго, түүн дээрхи хээ угалз зэрэг нь тухайн судар, бичмэлийн туулж өнгөрүүлсэн цаг хугацааг өгүүлж чадах ганц гэрч нь билээ.

Энэхүү төсөлд ажиллах хоёр жилийн хугацаанд төслийн ажилчид олон зүйл сурч авсан билээ. Хуучны ном судрыг сэргээн засварлах, мөгөөнцөр, хөгц гээд л ... “Ядаж оройн хоолны үеэр мөөгөнцөр, хөгцний тухай битгий ярьж бай л даа” хэмээн амьдарч байсан айлынх нь хүн гуйсан тухай төслийн нэгэн ажилтан ярьж билээ.

Гэхдээ л энэ хугацаанд бий болсон дотно нөхөрлөл нь тухайн төслийн ажилтан мэргэжилтэнүүдийн хувьд хийж буй ажлаасаа шинийг мэдэж авахтай адил чухал үнэтэй зүйл байсан нь гарцаагүй.

Марайке Гюньшэ 2011 оны 9 сараас хойш энэхүү төслийн ажилд зурагчнаар ажиллаж төслийн ажлыг зурагаар баримтжуулсан юм.